Орчин үеийн поп урлагийн шинэ супер од Испани Ирланд гаралтай Кристина Агулера 1980 оны 12 дугаар сарын 18-нд Нью-Йоркт төржээ. Аав ээж нь түүнд 17 дугаар зууны үеийн Испанийн гүнж Кристинагийн нэрийг хайрласан байна.
Эцэг нь цэргийн хүн тул тэднийх нэг газраа тогтдоггүй, байнга л нүүж явдаг байв. Хэлд орохоосоо өмнө дуулж эхэлсэн бяцхан охиныг эмээ нь “таньж” “Энэ хүүхэд нэг юм дуулгах вий, та нар харж л байгаарай” гэдэг байсан гэнэ.
Үнэхээр ч тэрбээр 6 настайгаасаа л “юм дуулгаж”, орон нутгийн концертууд, бяцхан авъяастнуудын шоунаас шагналыг ёстой хамж гарчээ. 8 настайдаа Кристина Америкийн үндэсний бяцхан авъяастнуудын шоунд оролцож бүх шатуудыг гялалзтал давж үзүүр түрүүнд үлдэн монголоор бол “стар” гэгч болсон байна. Гэвч “сайн явахад садаа мундахгүй”-н үлгэр болж, хэдийгээр түүнийг түрүүлнэ хэмээн хэн хүнгүй хэлцэж байсан боловч түүнтэй өрсөлдсөн нэгэн хур баяны хүү тэргүүн байрыг мөнгөөр зодон авч Кристина аман хүзүүджээ.
Гэвч авъяастай охиныг зохих хүмүүс нь хэдийнээ хараандаа авсан байлаа. Телевизийн хөгжмийн нэвтрүүлэг, нэр хүндтэй шоунуудад оролцох урилга бяцхан охиныг хэдэн жил зайгүй дарж байсан юм. 1995 онд тэрбээр Румынд болсон “Golden Slag Festival” хэмээх томоохон наадамд АНУ-г төлөөлөн оролцжээ. Түүний дуулсан дуу нэр хүндтэй түүвэр цомгуудад байнга орох болов. 1998 онд дуу бичлэгийн алдартай пүүс RCA Records түүний чадварыг тусгайлан шалгаж үзээд амаа олохгүй магтаж, тэр даруйдаа 7 альбом бичүүлэх гэрээ хийсэн бөгөөд, урьдаар түүнийг мэргэжлийн тусгай сургалтаар бүтэн жил ганцааранг нь бэлтгэж, үүндээ 1 сая доллар зарцуулсан гэдэг. 1999 оны 6 дугаар сард хий нь арилж, шижигнэсэн залуу дуучин Агулера анхны альбомоо гаргаад орхитол Billboard-ын 1 дүгээр байрт шууд цойлж гараад, хоёрт орсон хуучин архаг Пафф Дэддиг зүгээр л “доош нь хийчихсэн” гэдэг.
Ингээд л тэрбээр дэлхийн поп урлагийн оргилд өөрийн бат бэх үүрээ засч эхэллээ. Сарын дараа Хонконгод хэвлэлийн бага хурал, зураг авалт мөн сарын дараа Англид гаргасан сингл, бас сарын дараа анхны том шагнал “Iver Novello Awards”, улмаар дахиад сингл, дахиад альбом, дахиад “Billboard”-ийн тэргүүн байр, явж явж “Грэмми”-ийн шагнал энэ бүхэн ганцхан жилийн дотор нүд ирмэхийн зуур болж өнгөрөв. Нүд ирмэхийн зуурт тэрбээр дэлхийн хэмжээний супер од болж хувирчээ. Мөн нэг жилийн дараа гэхэд тэрбээр хэн бүхний гаргаж бардаггүй цагаан алтан альбом даруй 3-ыг гаргасан байна. Харин өнөөдөр түүний алдар хүндийн оволзсон их давалгааны хоёр дах үе хэдийнээ эхэлжээ. 5 альбом, 3 “Грэмми” шагнал, тоймгүй их мөнгөний хамт цуу яриа, хов жив, мөн хэрүүл маргаан, сайнаасаа дутахгүй муу Кристина Агулера гэдэг нэрнээс салахаа байжээ. Гэхдээ супер одын супер намтар дөнгөж эхэлж байгаа нь л энэ билээ.
noyon.mn