Сүүлийн үед “Тэмдэглэлийн дэвтэр”-ийн од Райн Гозлингтой учир ургуулаад байгаа, топ модел Синди Кроуфордтой адилхан гэгддэг жүжигчин Эва Мендесийн энэ 3 дугаар сарын MarieClaire сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Эва Мендес бидний ярилцлаганд орохоор Лос Анжелосын Griffith цэцэрлэгт хүрээлэнд үнэнч анд Hugo нохойгоо дагуулсаар ирлээ. Уг нь бид түүнийг салхилуулах ёстой байсан юм л даа. Гэтэл хүйтэн бороо бидний төлөвлөгөөг нурааж орхисон юм. Энэ нь ч сайн хэрэг болж, учир нь Hugo сэтгүүлчдэд тийм ч таатай ханддаггүй бололтой байлаа. “Couchez” гэж тэр нохойдоо хатуухан “зарлиг буулгав”. Эзнийхээ аашаас сүрдсэн Hugo тэр дороо хэвтлээ. “Их маягтай санагдаж магадгүй л дээ. Гэхдээ Hugo бол Франц сургуультай нохой байгаа юм.”
Өдгөө 37 настай Эва бол шинэ киноныхоо сурталчилгааг амжилттай явуулахын тулд хувийн амьдралынхаа зах зухаас заавал дэлгэх дүрэмтэй Холливудын жүжигчний амьдралд нэгэнт дасан зохицсон нэгэн. Түүн шиг гоо үзэсгэлэнтэй нэгэн ч энтертайнмент ертөнцийн хуулийг өөрчилж чадахгүй юм даа. Яг одоо, Эва Мендес миний өмнө хоёр гартаа цаасан аягатай каппучино бариад, хамгийн сүүлийн уран бүтээл болох “Girl in Progress” киноныхоо талаар хууч хөөрч сууна. Энэ кинонд тэр өсвөр насны охиноо “шоучин” болж байгааг ч анзаарах сөхөөгүй ганц бие ээжийн дүрийг бүтээсэн. “Тэр бүсгүйн амьдрал эмх замбараагүй, тэр өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Ийм дүрийг бүтээж байгаа болохоор л надад таалагдаж байгаа юм” хэмээн тэр ярьж байлаа.
Энэ бол 13 жилийн турш голдуу “болгож тавьдаг” эмэгтэйн дүрийг бүтээж байсан Эвагийн хувьд ихээхэн шинэчлэлт гэсэн үг. Pantene шампунь болон Angel сүрчигний сурталчилгааг дур булаам инээмсэглэлээрээ чимдэг энэ бүсгүйн Maxim-ын Hot100-ын жагсаалтанд үргэлж багтдагийнх нь нууц 2001 онд “Training Day” кинон дээрх нүцгэн хэсэг нь гэдэгтэй маргахгүй байх. “Би зүгээр л өөр дээрээ хүрч ирсэн боломж бүрийг дээд цэгт нь хүртэл ашиглахыг хүсдэг” хэмээн тэрээр “өршөөлгүй” гэгч нь өчлөө. Дэлгэцийн секс билэг тэмдгийн имиджээ өөрийн шүтэн биширдэг Жулианне Моор, Эннетэ Беннинг нар шиг хүндлэхүйц жүжигчний имиджээр солихын тулд түүний хийж буй эхний алхам нь энэ аж. “Би багаасаа л эдгээр жүжигчдийг биширч ирсэн. Тэдний 40 наснаасаа хойш амссан амжилтынх нь талыг ч болов хүртэхийн тулд би хүн алахаас буцахгүй байх.”
Мендес хэвлэл мэдээллийнхний өмнө үргэлж өөрийнхөө байр суурийг хадгалж үлддэг нь гайхалтай. Шар сонингийн ухуулган дунд “урсаж” явдаг олон нийт түүний талаар нэг их юм мэдэхгүй. Учир нь тэр 2010 оныг хүртэл хэвлэлийнхний дуранд тийм ч их өртдөг нэгэн байсангүй. Түүнийг саяхнаас л улаан хивсний ёслолын хатан хаанаар өргөмжилөх болж, (Түүнд Versace, Oscar De La Renta, Stella McCartney нар хайртай) 2 жилийн өмнө 8 жилийн турш үерхсэн найруулагч Жеорж Августогоосоо салсан тухай сонингууд шуугиж байсан. Тэр бол өөрийн амьдралаа хувийн сэтгэлзүйчийн өрөөнд тухтайхан шийддэг эмэгтэй болохоос, олон нийтийн хов живийн бөмбөгдөлтийн нөлөөгөөр зохицуулдаг эмэгтэй биш гэдгээ бахархалтайгаар хэлдэг жүжигчин. “Зөвхөн олны танил байхдаа ч биш, эрүүл бие хүн байхын тулд ингэх нь дээр гэж боддог”.
Хэдий тэр олны нүднээс далдуур байхыг хүссэн ч өнгөрсөн жил “the Place beyond the pines”-ын зураг авалтан дээр Холливудын хамгийн халуухан эрчүүдийн нэг Райн Гозлингтой танилцаж учир ургуулснаасаа хойш бараг л өдөр тутам хэвлэлийн нүүрэн дээр гарах болсон юм. Тэр Райнтай албан ёсоор үерхэж байгаа гэдгээ огт мэдэгдээгүй ч, тэдний Лос Анжелос, Парисын гудажмаар цугтаа зугаалж яваа зурагнууд хаа сайгүй тавигджээ. Энэ бизнест 10 гаруй жил “чанагдсан” жүжигчний хэлсэн үг гэхэд үнэмшмээргүй ч, сэтгүүлчдийн хайр дурлалынх нь асуудалд хэтэрхий анхаарал хандуулж эхэлсэн явдалд тэр нэг л дасч өгөхгүй байгаа аж. “Би одоо ч энэ бүхнийг дуугүй хүлээн зөвшөөрөх үү, хувийн амьдралаа хамгаалахын тулд тэмцэх үү гэдгээ шийдэж чадахгүй л байна. Би өдийг хүртэл нам жим амьдарч ирсэн болохоор сайн хэвшихгүй байна”
Би түүнээс “өнөөх эр”-ийн тухай асуух гэснээ гэнэт нохойноос нь эвгүйцээд больчихов. Тэгээд “Райн Гозлингтой хамтран ажиллахад ямархуу вэ?” хэмээн зөөлрүүлж асуулаа. “Тэр бол мөрөөдлийн хамтран тоглогч л гэсэн үг. Би хэзээ ч кинонд ийм бүтээлчээр хандаж, бүрэн дүүрэн сэтгэл ханамж авч байсангүй” гээд тэр инээмсэглэв.
“-Тэгвэл…” гэж намайг үргэлжлүүлэх гэтэл
“-Болиорой!” хэмээн тэр миний үгийг таслаад чанга хөхрөв. “Болио. Зүгээр л больчих. Тэр талаар ярих нь надад эвгүй байдаг юм. Энэ чинь хэтэрхий хувийн асуудал.”
“-Би зүгээр л чамайг Pines-аас өмнө ч түүний шүтэн бишрэгч байсан уу гэж асуух гэж байлаа” гэж намайг залруултал
“-Мэдээж. Тэр бол гайхалтай жүжигчин” гэж тэр шүдээ гарган инээмсэглэлээ. Тэр үед над руу яг л “Нөхөр минь, чи надаас энэнээс илүү сонсож чадахгүй шүү” гэсэн харцаар харж байх шиг санагдсан. Эва Мендес гэрлэлт, хүүхдийн талаарх бүх асуултыг хурдхан алгасах юм уу, ярианы сэдэв өөрчилж байлаа. Учир нь иймэрхүү асуулт нь 30 насныхаа төгсгөлд явж буй эмэгтэйг эмзэглүүлж мэдэхээр байсан бололтой. “Тийм сэдвүүд чинь уйтгартай ш дээ. Би тийм эмэгтэй биш”
Гэсэн ч тэр хэсэг хугацаанд бодлогшироод, “Би ер нь мухар сүсэгтэй л дээ. Ирээдүйнхээ талаар ярихыг хүсдэггүй. Тэгвэл биелэхээ больчих юм шиг санагдаад байдаг юм” хэмээсэн. Хэдий зурагтаар өөртөө дэндүү итгэлтэй харагддаг ч, өдөр тутамдаа “битүү” хувцасладаг тэр эмэгтэй хүний бие галбирын талаар хүчтэй үзэл бодолтой нэгэн. “Чи бусдын нүдэнд яаж харагдаж байгаа, чамд юу байгаа нь тийм ч чухал биш. Хүн болгон үүнийг ойлгоосой гэж би хүсдэг. Би өөртөө эрүүл, хүчтэй, аз жаргалтай имиджийг бүрдүүлж чадсан ч яг үнэндээ санаа зовних явдал тохиолддог. Одоо чамд таалагдахгүй байгаа биеийн чинь хэсгүүд нас ахиад ирэхээр чиний хамгийн сайхан чимэг байсныг ойлгох болно шүү гэж би охидод захидаг. Учир нь би өөрөө ингэж байсан юм. 13-тай байхдаа би өөрийн том ам, тод мэнгэнээсээ ичдэг байлаа. Гэтэл том болоод би, өө сэвүүд минь л хамгийн хайр татам байсныг олж мэдсэн.”
Тэр олны хараанд өртөх дургүй ч, дуртай зүйлээ хийхийн тулд бүх эрсдлийг туулахад бэлэн ажээ. “Би диваажинг ч, тамыг ч үзэхийг хүсч байна. Амьдрал намайг хааш нь аваачна тэнд нь л очиж үзмээр байна. Юу ч болж байсан би өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцаж, өөрийгөө хамгаалах болно”
Goolingoo