Эмэгтэй удирдагчдын чуулга уулзалтад оролцож буй АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган охиноос Цагаан ордонд гүйцэтгэж буй үүрэг, эмэгтэйчүүдэд хандах эцгийнх нь хандлагын талаар тайлбар хүссэн нь Иванка Трампын гадаадад хийж буй анхны айлчлалд бараан сүүдэр тусгав.
Трампын засаг захиргаатай тогтоосон хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэгч канцлер Ангела Меркелийн урилгаар Германд ирсэн, 35 настай, загвар зохион бүтээгч, Цагаан ордны цалингүй зөвлөх бүсгүй дипломат арга хэмжээний нарийн ширийнийг ойлгох хүнд ажилтай тулгарлаа.
Эмэгтэйчүүдийг муучилсан үг яриа нь видео бичлэгт мөнхөрсөн эцгээ Америкийн “айл гэрийг дэмжин тэтгэгч агуу аварга” хэмээн хатагтай Трамп тайлбарлав. Уг тайлбараас болж G20-ийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцогч зарим хүн дургүйцэн, шуугилдсан юм.
Хатагтай Меркель, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нар багтдаг бүлгийн гишүүн хатагтай Трамп нь хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийг хөгжүүлэх зорилгоор G20-ийн сан байгуулах төлөвлөгөөг дэмжиж байлаа. Хатагтай Трампын айлчлал нь хатагтай Меркель гуравдугаар сард Вашингтонд зочилсноосоо хойш АНУ-ын Ерөнхийлөгчтэй харилцаагаа сайжруулахаар чармайж буйн илрэл юм.
Ноён Трампын засаглал ёсорхоод байдаггүйн зэрэгцээ Берлин дэх Элчин сайд зэрэг гадаад харилцааны зарим чухал албан тушаал эзэнгүй хэвээр. Ийм ч учраас “Тэргүүн охин”- ыг урьсан нь хатагтай Меркель АНУ-ын Ерөнхийлөгчийн ар гэрийнхнийг улс төрийн чухал ач холбогдолтойд тооцож буйг харууллаа. Шүүмжлэгчид канцлерын урилга хэвшиж тогтсон уламжлалт дэг жаягийг эвдлээ хэмээн дуу хадаацгаав. “Канцлер Дональд Трампын охиныг гадаад бодлогод хамруулсан нь тэр чигээрээ балайрал гэж бодож байгаа нь ганц би биш байлгүй” хэмээн Социал демократ намаас Бундестагт сонгогдсон Ларс Клингбейл Twitter-т бичжээ.
Харин хатагтай Меркелийн консерватив эвслийн удирдагчдын нэг Михаэль Гросс-Бромер намынхаа тэргүүний уян хатан арга барилыг магтаж байна. Хатагтай Меркелийн байр суурийн ачаар хоёр талын харилцаа сайжирч, ноён Трамп канцлер хоёр байнга утсаар харилцдаг болсныг тэрбээр жишээ болгосон юм.
Германчуудад танил бус “тэргүүн охины тухай концепц”- ийг тайлбарлаж өгөхийг долоо хоног тутмын Wirtschaftswoche бизнесийн сэтгүүлийн редактор Мириам Мекель хүссэнээр хатагтай Трампад таагүй ярилцлага эхэллээ. “Та хэнийг төлөөлж байна? АНУ- ын Ерөнхийлөгч эцгийгээ юү, Америкийн ард түмнийг үү, эсвэл хувийн бизнесээ юү?” хэмээн редактор асуусан юм.
Хувийн бизнесээ биш нь “мэдээж хэрэг” хэмээн хатагтай Трамп хариулав. “Ийм ажил үүрэгт төдийлэн дасал болоогүй над одоохондоо бүх юм шинэ. Ердөө 100 хүрэхгүй өдөр өнгөрч байгаа ч содон, сэтгэлд хоногших ажил хэргийн аялал гэх байна” хэмээн хатагтай Трамп хариулав.
Эцгийгээ Америкийн айл өрхийг дэмжин тэтгэгч хэмээн тодорхойлсон хатагтай Трампын тайлбарт эмэгтэйчүүд зонхилсон оролцогчид дургүйцэн дүнгэнэлдэх үеэр хатагтай Мекель дуугараад авлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн талаарх эцгийнх нь урьдны зарим үйлдэл АНУ-ын Ерөнхийлөгч үнэхээр эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигч мөн эсэхэд эргэлзээ төрүүлдгийг өгүүлсэн юм. Энэ нь ноён Трамп бэлгийн дарамт учруулсан талаар өнгөрсөн оны сонгуулийн кампанийн үеэр хэд хэдэн эмэгтэй мэдэгдсэн, ноён Трамп өөрөө эмэгтэйчүүдийг дорд үзсэн мэдэгдэл хийж байсан зэргийг битүү сануулж буй хэрэг.
“Хэвлэлийнхний шүүмжийг сонсож байсан”-аа хатагтай Трамп хэлж байв. Ноён Трамп олон арван жилийн турш эмэгтэйчүүдийг ажиллуулж ирсэн нь “эмэгтэй хүн ажлыг эрчүүдтэй адилхан хийж чадна гэсэн итгэл үнэмшлийнх нь маргашгүй нотолгоо” хэмээн хатагтай Трамп тайлбарлав.
Дэлхийн банкны ивээл дор байгуулахаар төлөвлөж буй, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх G20-ийн санг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм. Сан байгуулах төлөвлөгөөг долдугаар сард Хамбүргэд болох чуулга уулзалтын үэр G20- ийн удирдагчдад танилцуулна.
Штефан Вагштил
Засгийн газрын мэдээ