Хүн хэтэрхий царайлаг, төгс төгөлдөр зүстэй байна гэж байх уу? Бас тэгш хэмт нүүр царай, дур булаам дүр төрх, бие галбиртай нэгнийгээ бусдаас илүү дээрд үздэг гэдэг нь үнэн үү? Мөн царайлаг нэгэндээ бид атаархдаг болохоос төдийлөн хүн болгоны санааг зовоогоод байдаг зүйл биш мэт бидэнд санагдана. Хэдий тийм боловч үүнийг нэг удаа ч болов эргэцүүлж бодоход илүүдэхгүй юм.
Царайлаг байхын ач тус болон сөрөг талуудыг сэтгэлзүйчид, эрдэмтэд аль эртнээс судалсаар иржээ. Тухайлбал АНУ-ын Хойд Каролинагийн Их сургуулийн нийгмийн сэтгэлзүйч, эрдэмтэн Лиза Слаттери Уолкер, Тониа Фреверт нар олон жилийн турш хуримтлагдсан судалгаа, баримтууд дээр үндэслэн царайлаг хүмүүс ба тэдний нийгэмтэй харьцах харьцаанд тулгардаг асуудлууд дээр хэд хэдэн дүгнэлт гаргасан байна.
Хамгийн энгийнээр тайлбарлахад царайлаг байдал нь тухайн хүний толгой дээр гало-гэрэлт (Гало /halo/ нь сахиусан тэнгэрүүдийн толгой дээрх шаргал цагариг. Гало-цагариг цэвэр ариун байдал, сайн бүхний билэгдэл мөн бурхны илчүүдийг таних нэгэн арга гэж үздэг) цагариг байгаатай адил гэнэ. Сахиусан тэнгэрийг хараад эерэг бодол төрдөгийн адил царайлаг хүмүүстэй танилцах мөчөөсөө л бид тэднийг тодорхой түвшинд хүндэлж, дотроо ямар нэг өнцгөөс нь сайнаар тодорхойлчихсон байдаг. Ер нь хүний нүүр царай гэлтгүй аливаа зүйл өнгө үзэмж сайтай л бол түүнд итгэх итгэл, сайнаар хандах хандлага ямар ч хүнд төрдөг тухай сэтгэлзүйчид онцлон тэмдэглжээ. Энэ нь ч өнөөдрийн материаллаг ертөнцөд улам бүр харагдсаар байгаа аж.
Царайлаг хүмүүсийг тодорхойлдог бас нэгэн хэмжүүр бол тэднийг гадуур нь хүрээлж байдаг гоо сайхны “хөөсөн бөмбөлөг” юм. “Хөөсөн бөмбөлөг” гэдгийг бидний сайн мэдэх Америкийн “30 Rock” инээдмийн олон ангит киноны Др.Дрю Бэрд хэмээх жүжигчин Жон Хеммийн бүтээсэн дүрээр тайлбарлаж болох юм.
Тэрээр бусад профессоруудтай харьцуулахад өрсөлдөх чадвар муу боловч өөрийн дажгүй гадаад үзэмжээ ашиглан киноны гол дүрүүдийн нэгийг чадварлаг амилуулан цувралын бүхэл бүтэн хэсгийг авч явсан байдаг. Түүний эмэгтэйчүүдийн сэтгэл төөрөгдүүлэм царай зүс, чамин хээнцэр биеэ авч явдаг нь анагаахын их сургуулийг төгстөл нь түүнд дэмжлэг болдог.
Эрдэмтэн Уолкер, Фреверт нарын хэлж байгаагаар гаднах үзэмж төрх сайтай сурагч нар ахлах болон их сургуулийн багш нартаа автоматаар оюуны чадамжтай, ухаалаг гэсэн сэтгэгдэл төрүүлж, улмаар тэднийг үнэлэх үнэлэмжинд өндрөөр асар эерэгээр нөлөөлдөг. Энэ нь багш нарын оюутнууддаа тавьсан дүнгээс харагддаг аж. Жил ирэх тусам царайлаг хүмүүсийг хүрээлж буй “бөмбөлөг” томордог. “Хөөсөн бөмбөлөг хронолог, цогц нөлөөтэй. Нас ахих тусам зүс сайтнуудын өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эерэг бодолтой болдог. Түүний хирээр тэдний урд олон боломж үүдээ нээн, өөрийн мэдлэг чадвараа харуулах завшаан олддог” гэж эрдэмтэн Фреверт хэлжээ.
Царайлаг төрх нь ажил хэргийн хувьд хэрхэн ач тусаа харуулдаг болохыг сонирхоцгооё. Царай зүс сайтай ажилчид тушаал дэвшиж, улмаар илүү цалин авах хандлагатай байдаг. АНУ-ын Бизнесийн Удирдлагын магистрийн шатны төгсөгчдийн дунд хийсэн судалгаанаа үзэхэд царайлаг ба “нүд арай бага хужирладаг” ажилчдын хооронд 10-15 хувийн орлогын зөрөө байсныг судалгаанаас олж мэджээ. Энэ үзүүлэлтийг ашиглан царайлаг ажилчдын амьдралынхаа турш олсон орлого нь “бусад” ажилчидтай харьцуулбал 230,000 ам.долларын зөрүүтэй байсныг тогтоосон байна.
Энэ талаар эрдэмтэн Уолкэр “Царайлаг хүмүүс сургуулиа төгсөж ажлын байранд орох хүртлээ бусдаас давуу эрх эдэлдэг. Энэ нь амьдрал дээрх бичигдээгүй хуулиудын нэг гэж хэлэхэд буруудахгүй. Ер нь мэргэжлийн албаа хашиж байх явцад ч тэр, ямар нэг байдлаар давуу эрх эдлэх үе заавал гарч ирдэг” гэж хэлсэн юм.
Хүний зүс царай шүүх хурлын танхимд хүртэл өөрийн ид шидээ үзүүлдэг тухай баримт олжээ. Гэмт хэрэгт нэр холбогдон сууж буй “зүс сайт хуулийн этгээд”-ийг шүүх үйл явцад баримтан дээр бус тэдний царай, галбирийг харж байгаа тохиолдол олонтаа гардаг. Царайлаг хүнийг гэмгүй гэсэн итгэл үнэмшилд хүрэх, улмаар зөөлөвтөр шийтгэл хүлээлгэх магадлал өндөр байдаг. Зарга үүссэн хэрэгт нэхэмжлэгч талын этгээд царайлаг байлаа гэж бодоход заргын эзэн ихэвчлэн том мөнгөн дүн хождог талтай. “Энэ бол хөөсөн бөмбөлгийн давамгайлсан нөлөөнүүдийн нэг” гэж Уолкер тайлбарлаж байна.
Гэвч зоос болгон хоёр талтай байдгийн адил бусдын атаархмаар царай зүс, гоо үзэсгэлэн тодорхой хэмжээнд сөрөг үр дагавар бас дагуулдаг аж. Царайлаг эрчүүдийг сайн удирдагч болдог гэсэн нийтлэг үзэл байдаг бол царайлаг эмэгтэйчүүдийг өндөр албан тушаалд тэр болгон авдаггүй. Мөн ажлын ярилцлагад орох үеэр ярилцагч өөртэй нь адил эсвэл арай илүү царайлаг ажилчинтай таарвал тухайн ажил горилогчийг ажилд авах магадлал багасдаг. Учир нь нэг хүйсийн царайлаг хүмүүс бие биендээ татагдах нь бага, хоёр биендээ атаархаж “надаас илүү царайлаг хүн ажилд орчих вий” хэмээн дотроо нууцхан сэрэмжилдэг нь нууц биш.
Царайлаг хүмүүст тулгардаг хамгийн том санаа зовоох зүйлүүдийн нэг нь тэдэнд үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээний асуудал гэнэ. Аливаа өвчтөн царайлаг байвал эмч нар дотоод ухамсартаа түүнийг эрүүл саруул мэтээр хүлээж авдаг. “Хүмүүсийн өвчин, бэртлийн бодит байдлыг зарим тохиолдолд үл харгалзан царайлаг өвчтөнүүддээ бага халамж тавьдаг” гэж сэтгэлзүйн ухааны нэгэн мэргэжилтэн хэлсэн байдаг. Тэр ч утгаараа эмч нар өвчтөнүүдийнхээ дундаас зүс сайтай өвчтөнд хандуулах хандлага муухан байх явдал гэмтлийн тасагт цөөнгүй гардаг байна.
Мөн царайлаг хүмүүсийг хүрээлдэг бөмбөлөг тэднийг ганцаардалд хүргэх нь элбэг байдаг аж. 1975 онд АНУ-д хийсэн судалгаанд дурдахдаа гудамжинд алхаж буй эрчүүд тэдний өөдөөс ирж яваа сайхан хүүхнээс тойрч дөлөн зөрдөгийг анзаарчээ. Энэ нь тэдгээр хүүхнүүдийг хүндэлж байгаагаас гадна тэднээс айж эмээж байгаагийн илрэл хэмээн тайлбарласан байна. Иймд хэт царайлаг эмэгтэйчүүдэд эрчүүд халдаж чадахгүй байсаар гон бие гозон толгой өтлөх нь бий.
Бүсгүйчүүдийг “сонжих” бодолтой нэг нь ч мөн ялгаагүй царайлаг бүсгүйчүүдтэй зай барьж харьцдаг аж. Үүний зэрэгцээ “Сэтгэл татам байдал нь кибр орон зайд илүү эрх дарх өгдөг боловч бусдад тэр хүн рүү ойртоход хүндрэл үүсгэдэг” гэжээ. Үүнийг тодруулах нэгэн жишээ бол “OkCupid” веб сайт дээрх хосуудын болзооны асуудал юм. Эгэл жирийнээс эхлэн дажгүй царайлаг профайл зурагтай хэрэглэгчид хоорондоо чөлөөтэй харилцаж, хосууд болж байхад өө сэвгүй, гойд царайлаг нүүр зурагтай бүсгүйчүүдэд болзох эрэгтэй олдохгүй, нэлээн хугацаа шаарддаг тухай дээрх сайтад бичжээ.
Эрдэмтэн Фревертийн тэмдэглэсэн сүүлийн судалгаа нь дүгнэлт гэхээсээ илүү уншигчдад зориулсан санамж, зөвлөгөө аж. Тэрээр “Зарим хүмүүс өөрсдийн гоо сайхандаа донтсон байдаг. Тэдний гоо сайхны бөмбөлөг хэтэрхий томрох үед биеэ тоож хамраа сөхдөг. Энэ бол царайлаг хүмүүсийн өөрсдөдөө учруулдаг хор уршиг. Хүний гадна болон доторх төрх нягт хэлхээ холбоотой байдаг. Харин түүнийхээ алийг ашиглан нийгэмд давуу байдал олж авах нь хувь хүний сонголт” гэжээ. Үүнээс үзэхэд залуучуудын хэлдэгээр “царайны бядтай” буюу хэтэрхий царайлаг байх нь амьдралд ач тустай ч аз жаргалд шууд хүргэх зам биш гэдгийг ойлгох хэрэгтэй аж.
Эх сурвалж: BBC