Лондон./ИТАР-ТАСС/. Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсуфзай охин Лондоны “Таймс” сэтгүүлийн “оны
хүүхэд”-ээр тодорчээ. Талибуудын халдлагад өртсөн Малала охин одоо Британийн Бирмингемын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
“Малала охин Пакистаны ард түмэнд талибуудын үйлдэж буй гэмт хэргүүдийг дэлгээд зогсохгүй хүчирхийллийг эсэргүүцэх ард түмний бэлгэ тэмдэг болж чадсан бөгөөд эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэхийг уриалсан бүхэл бүтэн кампанит ажлыг өрнүүлж чадсан” гэж “Таймс” сэтгүүлийн редакци онцлон дурджээ.
“Би мэдлэг боловсрол эзэмшүүлэх явдлыг гол үнэ цэнээ болгодог тийм улс оронд амьдрахыг мөрөөдөж байна” хэмээн блогийнхоо нэгд бичсэнийг тус сэтгүүл иш татсан байна.
Талибууд өнгөрөгч аравдугаар сарын 9-нд Пакистаны хойд нутагт Сват голын хөндийд оршдог Мингора хотод Малала охинд халдсан юм. Террористууд охины сууж явсан сургуулийн автобус руу автомат буугаар гал нээсний улмаас Юсуфзай толгой хүзүүндээ шархаджээ. Халдлагын хариуцлагыг Пакистаны “Техрик-и-талибан Пакистан” бүлэглэлийн талибууд хүлээсэн юм.
Д.Жаргал