Монгол Улс чөлөөт, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш жендэрийн тэгш эрхийн тухай ярьж, жендэр гэх үгийн талаар ойлголттой болж эхэлсэн. Харин жендэр гэх ойлголтыг зөвхөн эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгэм дэх тэгш оролцоо, цаашлаад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоонд хамааралтай гэж явцуу ойлгох хандлага ажиглагдах болсон. Гэвч жендэр гэх ойлголт эрчүүдэд ч нэгэн адил хамаатай, тэд ч жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн хохирогч болж байгааг энд сануулахыг зорьлоо.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн тэгш оролцоог хангах, жендэрийн тэгш эрхийг хамгаалах хуультай болох талаар 10 гаруй жил ярьж, хэлэлцэн, багагүй хүлээлт үүсгэсний эцэст 2011 оны хоёрдугаар сард Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг УИХ-аар баталсан юм. Энэ нь жендэр гэх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл, гадуурхлыг хуулиар таслан зогсоох, зохицуулах том боломжийг бидэнд олгосон. Үүнээс хойш шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хуульд зааснаар квот тогтоон бүрдүүлж, эрэгтэй эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэйгээр нийгмийн амьдрал, цаашдаа гэр бүлийн харилцаандаа оролцож эхэлсэн гээд чамгүй ололт гарсан.
Харин зайлшгүй шүүмжилмээр нэг зүйл нь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт эмэгтэйчүүдэд түлхүү хүрч, тэд эрхээ хамгаалуулах байдал давамгайлж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн” гэсэн тодотголын эрэгтэй нь жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлд өртөх нь багасахгүй байгаа юм.
Эрэгтэйчүүд яаж жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлд өртөж байна вэ гэдгийг гайхах хүн олон байх. Гэхдээ яалт ч үгүй эрчүүдэд сөргөөр нөлөөлөх зүйлс олон байсаар байна.
Хүн амын хүйсийн харьцаа өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүд 49.5, эмэгтэйчүүд 50.5 хувийг эзэлж байгаа. Энэ үзүүлэлт хүйсийн тэгш байдал төдийлөн алдагдаагүйг харуулж байгаа юм. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд биш гэхэд жирийн амьдралд эрэгтэйчүүдийн эзлэх байр суурь суларсаар байна. Гэр бүл салалт ихэсч, өрх толгойлсон эмэгтэйчүүд олширсоор байгаагийн бурууг эрчүүд рүү л “чихэх” хандлагатай байдаг. “Эрчүүд амьдралаа авч явж чадахгүй”, “Эрчүүд архи ууж, арчаагүйтэж байна” гэх зэргээр болохгүй бүх зүйлд эрэгтэй хүнийг нийтэд нь хамруулан буруутгасан яриаг та нэг бус удаа сонссон гэдэгт итгэлтэй байна. Үүнээс ч үүдсэн гэлтэй айл гэрийн ноён нуруу болж явах учиртай эрчүүдийн тодорхой хэсэг нь гундуухан явж, харийн орныг зорин хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, үлдсэн хэсэг нь уул уурхайн компаниудад өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байгаа. Харамсалтай нь чухам ийм байдалд хүргэж байна гэдгийг тунгаан бодож байсан нь ховор.
Эрэгтэйчүүдийн боловсролын хүрээн дэх тэгш бус байдал
“Чи эр хүн юм чинь уйлж болохгүй”, “Эр хүн гүндүүгүй байдаг юм” гэх мэт үгсийг монголчууд хүүхдүүддээ маш их хэлдэг. Энэ ч яахав гэтэл эрэгтэй хүүхдийнхээ боловсролд анхаарахгүй орхидог нь монголчуудын маш том дутагдал болж байна. Эрэгтэй эмэгтэй хүүхэдтэй айл бүрт “Хүү минь алзахгүй, харин охиноо л боловсролтой болгож, дээд сургууль төгсгөе” гэсэн яриа гардаг гэхэд болно. Ялангуяа орон нутагт энэ яриа захын нэг айлд өрнөнө. Монголын эрэгтэйчүүдийн боловсролын байдлыг авч үзвэл нийт суралцагсдын 52.5 хувь нь эмэгтэй, 47.5 хувь нь эрэгтэй. Харин ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын 51 хувь нь эмэгтэй, 49.0 хувь нь эрэгтэй, цэцэрлэгт 50.5 хувь эмэгтэй, 44.5 хувь нь эрэгтэй, их дээд сургуульд 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэйчүүд суралцаж байна. Албан бус хэвшилд ажилладаг насанд, хүрээгүй хүүхдийн 64.3 хувь нь хөвгүүд, тэдний 58.7 хувь нь сургууль завсардсан, 18 нас хүрсэн залуусын 12 хувь нь, цэргийн үүрэгт алба хааж буй залуусын 20 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байна.
Нөгөө талаар эрэгтэй хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжил өсвөр насандаа эмэгтэй хүүхдийнхээс хоцорч явдаг гэдгийг шинжлэх ухаан хэдийнэ тогтоосон. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид орох хүртлээ хөвгүүд охидоос нуруугаараа ч намхан, сурлагаараа ч сулхан байдгийг анзаарсан байх. Гэтэл тэдний ийм онцлогийг харгалзалгүй ахлах ангид ороход нь шалгалтад үзүүлсэн амжилтаар нь жагсааж, тааруухан дүнтэйг нь хасч орхидог нь жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн эхлэл болоод байна. Ийм жагсаалтаар 30 хүүхэдтэй ангийн 20 нь эмэгтэй, 10 хүрэхгүй нь эрэгтэй хүүхэд ахлах ангидаа орж, харин ахлах ангидаа орсон эрэгтэй хүүхдүүд эрс хурдан өсч, сурлага нь ч мэдэгдэхүйц сайжирч эхэлдэг аж. Харамсалтай нь дунд ангиасаа дэвшиж чадаагүй өч төчнөөн хөвгүүд техник, мэргэжлийн сургууль, коллеж зэргээр боловсрол эзэмшиж, урам нь хугарсан зарим нь огт сургуульд суралгүй хаядаг. Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг 39-хөн хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь үүний тод илрэл гэлтэй.
Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал
Дээд боловсрол эзэмшсэн охид ажлын талбарт гарахдаа өндөр цалинтай, таатай нөхцөлтэй ажилд орж, амьдралаа тэр хэрээрээ авч явах чадвартай, баталгаатай болдог. Гэтэл ЕБС-ийн тэгш бус бодлогын үүднээс сургуулиасаа хасагдаж, дээд боловсрол эзэмшиж чадаагүй эрэгтэйчүүд барилгын туслах, газар шорооны ажилчин, жолооч зэрэг ажил чадан ядан олж, тааруухан цалин авч, үүгээрээ эхнэртээ дорд үзэгдэж, амьдрах урам нь хугарсаар байдаг эмгэнэлтэй. Эсвэл гэрээ тэжээх цалинтай болохоо хүлээж, гэр бүлтэй болох нь хойшилсоор ганц бие хөгшрөх ч тохиолдол бий. Гэр бүлтэй болсон эрчүүд нь эхнэрээсээ бага цалинтай, доогуур албан тушаалтайдаа гутарч, цаашлаад эхнэр нь хаяж явснаар архинд донтох өвчинд өртөх магадлал эрс ихэсдэг байна.
Сүүлийн үед цалин арай өндөртэйд тооцогддог уул уурхайн салбарт эрэгтэйчүүд маш ихээр ажиллах болсон. Гэтэл үүнийгээ дагаад гэр бүлээсээ тусдаа олон сараар амьдрах болж, хөдөлмөр эрхлэлтийн энэхүү нөхцлөөс үүдэн залуу гэр бүлүүд салж, хүүхэд өнчрөх томоохон шалтгаан болж байгаа. Мөн хүнд хүчир нөхцөлд олон цагаар ажилласнаас мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн осолд өртөх нь мэдэгдэхүйц ихэсч байна.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 6,5 жилээр бага
Цаг бусаар тахир дутуу болж буй хүмүүсийн 80 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90, амиа хорлогсдын 60 хувь нь эрчүүд гэсэн тоо нэгийг бодогдуулна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73.5 байхад эрэгтэйчүүдийнх найман жилээр бага байгаа нь монгол эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм. Боловсрол эзэмшиж буй байдал харилцан адилгүйгээс гэр бүл зохиох нас нь оройтсон, гэр бүлдээ гүйцэтгэх үүрэг хумигдсан, үүнээсээ шалтгаалж сэтгэл гутралд орсон, архины хамааралтай болсон, гэмт хэрэгт өртсөн олон эрчүүд эрүүл мэндээрээ давхар давхар хохирдог. Нөгөөтэйгүүр эрэгтэйчүүд бие нь хэдий чилээрхсэн ч “Эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм” гэсэн эцэг эхийн “захиасаас” улбаалан эмнэлгийн үйлчилгээ авах дадал дутмаг, эмнэлэг бараадахыг төдийлөн яардаггүй. Үүнтэй ч холбоотой байдаг уу эрэгтэйчүүдийн эмнэлэг, кабинет хуруу дарам цөөн, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бүр ч байхгүй.
Хүйсийн онцлогоос хамаараад эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн эмнэлгүүд, үйлчилгээ давамгай байж болох ч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг орхигдуулж ирсэн нь үнэн. Энэ мөн л жендэрийн тэгш бус байдлыг бий болгож байна.
Монгол хүний дундаж наслалт 2006 оны байдлаар 64, эрэгтэйчүүд 60.4 буюу эмэгтэйчүүдээс 6.5 жилээр бага байсан бол ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэдээллийн сангийн 2010 оны мэдээгээр монгол хүний дундаж наслалт 68 болж өсч, эмэгтэй хүний дундаж наслалт 72 болсон ч харин эсрэгээрээ эрэгтэйчүүдийнх буурсан үзүүлэлт гарчээ. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг нь аль ч улс оронд байдаг үзэгдэл хэдий ч манай улсын хувьд энэ үзүүлэлт анхаарал татахуйц хол зөрүүтэй байгаа юм. Эрэгтэйчүүдийн талаарх нийгмийн сөрөг хандлага, тэднийг аль байдаг муу муухайтай “хутгадаг”, ажил эрхлэлтээс нь үүдсэн гэр бүлийн дарамт зэрэг нь зүрх судас, хавдар, осол гэмтлээр амь насаа алдахад хүргэдэг хүчин зүйл юм байна. Осол гэмтлийн улмаас нас барах явдал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 3 дахин, амиа хорлосон тохиолдлын тоо эмэгтэйчүүдээс 7 дахин, бусдад хорлогдсон тохиолдлын тоо 5 дахин, зам тээврийн ослын тохиолдлын тоо 4 дахин их байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй юм.
Архинд донтох нь зөвхөн эрчүүдийн буруу биш
Архидалт, мансуурлын төвөөс хийсэн Архидалтын түвшин тогтоох судалгаагаар насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 52 хувь нь архи хэрэглэж, 20 хувь нь донтох өвчтэй болсон байна. Архины хамааралтай болсон эрэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, өөрийгөө болон гэр бүлээ ядуурлаас гаргах, амьжиргаагаа авч явах чадваргүй гэсэн гутранги үзэлтэй болоход хүрдэг. Энэ нь нэг талаар хувь хүний төлөвшил, ухамсартай холбогдох ч нөгөө талаар эрэгтэйчүүдийн талаарх сөрөг ойлголт хандлага их байгаатай холбоотой гэж тайлбарладаг.
Эрэгтэйчүүдийг гэмт хэрэг үйлдэгчид, хүчирхийлэгчид, архичин гэх байдлаар хүлээж авах нь энүүхэнд. Гэтэл монголын эрэгтэйчүүдийн холбоонд үр хүүхдэдээ зодуулсан, үр хүүхэд нь аавыгаа хайхрахгүй, ээж нь нас барсны дараа аавыгаа дорд үзсэн гэх эрэгтэйчүүд олон хандах болжээ. Боловсрол нимгэн, өөрөө өөрийгөө авч явах чадваргүй байдлаасаа болоод эхнэрийнхээ ах дүү нарт зодуулах, гадаад улс оронд ажил хөдөлмөр хийхээр яваад сэтгэл санааны гутралд орж, архинд донтон, эргээд эх орондоо ирэхэд эхнэр хүүхэд нь хүлээж авахгүй, сэтгэлийн шаналалд орох эрчүүд ч олон гэнэ.
Гэхдээ эрчүүдийг хамгаалах, тэгш оролцоог нь хангах талаар сүүлийн үед огт анхаараагүй гэж болохгүй. Одоогоос таван жилийн өмнө Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо, Монголын Эрэгтэйчүүдийн холбоотой хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулсан нь эрчүүдэд нийгмийн анхаарлыг татахад багагүй нөлөө үзүүлсэн. Энэ чуулганаар эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд нийгэмд эрэгтэйчүүдийн тэгш бус байдал нэгэнт бий болсныг нээлттэй ярилцаж байжээ. Гэвч үүнээс хойш энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл хэрэг төдийлөн нийгэмд хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй явсаар ирсан.
Харин өнгөрөгч 11 дүгээр сард жендэр гэх нэршлээс “гадуурхагдах” болсон эрэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд ч энэ ойлголт эмэгтэйчүүдийн нэгэн адил хамаатай гэдгийг сануулсан нэг үйл явдал болсон нь Төрийн ордоны Их танхимд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо” Үндэсний чуулган байлаа. Чуулганд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг болон монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагын төлөөлөгчид, зочдоос бүрдсэн 600 орчим төлөөлөгч оролцсон юм.
Эрэгтэйчүүдийн хандлага, ойлголт, тэдэнд тулгарч буй зарим асуудлыг шийдснээр гэр бүлийн хөгжлийг дэмжсэн, хүний эрхэд суурилсан сайхан нийгмийг бий болгох боломж бүрдэх учир энэ мэт чуулган болон тодорхой зорилготой компанит ажлыг тогтмол зохион явуулах шаардлагатай юм. Ингэснээр тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлон, хүний эрхэд суурилсан жендэрийн хөгжлийн бодлогыг бүхий л хууль, бодлого, төсөл хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх болон Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг амьдралд нөлөөлөхүйцээр хэрэгжүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн энэ ажиллагаанд ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутан эрэгтэйчүүдийг татан оролцуулах, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх нь илүү үр дүнтэй.
Мөн дээр дурдсанчлан ЕБС-ийн ахлах ангид ороход нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоог тэгш байдлаар авч үлдэж байх хэрэгтэй гэмээр. Өөрөөр хэлбэл 30 хүүхэдтэй ангид 15 эрэгтэй, 15 эмэгтэйг дүнгээр жагсааж оруулж байвал эрэгтэй хүүхдүүдийн боловсролын хоцрогдол бага ч болов арилна. Хэрэв сурлагаараа хасагдсан бол дахин шалгалт өгөх боломжийг нэг бус удаа олгох замаар хүүхэд бүрийг боловсролтой болгож, цаашлаад хүйсийн ялгаваргүй цалин хөлс, ажиллах таатай нөхцлөөр хангаж байх нь айл гэрийг авч явах ноён нуруу болсон эрчүүдийг төлөвшүүлэхэд чухал үр дүнтэй.
Айл бүрийн амьдрал өнгөтэй өөдтэй байхад эрэгтэй хүний боловсролын чанар, амьдралын ухаан, нийгэмд эзлэх байр суурь тогтвортой байх нь гол нөлөө үзүүлнэ. Тиймээс жендэр гэх ойлголтоос эрчүүдийг “гадуурхалгүй”, тэдэнд ч нийгмийн тэгш эрхийг хангахад хүн бүр анхаарлаа хандуулж, эр хүний ноён нурууг “хугарахаас” нь өмнө тэднийгээ сэргийлж, шаардлагатай бүхнээр дэмжих нь бүхэлдээ Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэртэйсэн.
Н.Гантуяа